Цөлжилт
    Уламжлалт хөдөө аж ахуйн салбарыг цаашид хөгжих, эс хөгжихийн заагт тулгаж, хүнд байдалд оруулаад буй нэг зүйл яах аргагүй цөлжилт болоод байна. Ганц хөдөө аж ахуйн салбарын асуудал мэт харагдаж байгаа ч энэ нь монгол хүний амьдрах орчны тухай асуудал болж нэгэнт хувирчээ. Өнөөдөр цөлжилтийн тухайд ам ангайдаг улстөрч гэж манайд байдаггүй. Ганц нэг хүн дуугарах ч тэрнийг бусад нь үл тооно. 

    Цөлжилт гэж яриад амин хувийнх нь эрх ашигт өчүүхэн тус нэмэр болохгүй учир юу болоод байгааг мэдэхийг ч үл хүснэ. Тэгсэн атал эх орондоо хайртай гэдгээ янз бүрээр илчилж цөхөрнө. Цөлжилтийн аюулын тухай, түүнээс гарах арга замын тухай ярьж эх орондоо хайртай хүний дүр бүтээгээд өгөх хүн үнэндээ алга байна. Уур амьсгал болоод хүний хөгжлийн хүчин зүйлсээс үүдэн гарсан бүхий л муу үр дагаврын эцсийн үр дүнг “цөлжилт” гэсэн томъёололд хамааруулж ойлгодог. Тэгэхээр уур амьсгалын өөрчлөлт, ургамлын ургац, малчин ардын амьдрал, монгол нутагт цаашид амьдрал яаж өрнөх вэ гэсэн олон асуултуудын хариуг “цөлжилт” гэсэн ганц зүйлээс л төгс ойлгох нь бидэнд үгүйлэгдэж байна. Цөлжилтийн эцсийн үр дүнг Сахарын цөл нутгаар ойлгож болно. Эдүгээ Монгол орон цөлжилтийн ямар нэгэн үе шатыг туулж байна. Харин ямар үе шатыг туулж, Сахарын цөл хүртэл хэдэн жил үлдэж байгааг бүү мэд. Огт ажиг сэжиггүй байцгаахыг бодоход ямар ч л байсан Сахарын цөлд хүрэхээр л зорьж байгаа юм байх.

    XXI зуунд цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт дэлхий дахинд эрчимтэй явагдаж байгаа. Ялангуяа Монголд цөлжилт тун богино хугацаанд хүрээгээ тэллээ. Өнөөдрийн байдлаар гэхэд газар нутгийн 80 хувь нь цөлжилтөд өртсөнийг эрдэмтэд нотолжээ. Дархан-Уул аймагт экологийн өөрчлөлтийн судалгаа хийхэд манай орны цөлжилт урдаасаа биш Дархан-Уул аймгаас эхэлж байгааг тогтоосон байна. Тодруулбал, Монголд цөлжилт төвөөсөө эхэлж байгаа гэнэ. 1940 оноос хойш дэлхийн цаг агаар 1.9 градусаар нэмэгджээ. Харин 2020 он гэхэд Монгол орны цаг агаар 4.88 градусаар дулаарах судалгаа гарсан. Бүр хэтийн төлвөөр буюу хагас зууны дараа манай орон Сахарын элсэн цөл шиг хуурайшч, Африкийн халуун орон шиг халах хэмжээнд хүрэх нь тодорхой болсныг Экосистем судлаач, доктор Г.Баярсайхан хэлж байна.
Говь, хээрийн бүс нутгийн унаган ургамал болох хайлаас, бургас, харганы төрлийн зарим мод, сөөгүүдийн тархалт хумигдаж, байгалийн сэргэн ургалт бараг явагдахгүй байгаагаас гадна 90 гаруй төрөл зүйлийн ургамал устаж үгүй болсон “гайхамшигт” мэдээ байна. Айл бүр, албан байгууллага бүр, сум, аймаг бүр орчноо ногооруулах, эдийн засгийн ашигтай ургамал тариалахыг зорилго болгосон “Ногоон хэрэм” мэтийн том бодлогыг хэрэгжүүлэх биш өнөөдөр мартаж эхэлж байна. Сэлэнгэ мөрний илүүдлийг өмнийн говь нутаг руу татах нь Хятадыг усжуулах мастер төлөвлөгөө мэтээр хадууруулан дооглож байгаа нь ч үгүйдээ инээдтэй хэрэг юм.

    Цөлжилт бидний амьдрах орчинд нэгэнт бий болоод байгаа учраас бид гагцхүү дэргэдээсээ л ажиллаж тэмцэх нь чухал болоод байна. Эх орны цэнхэр судас болсон хоёр мянга гаруй гол горхи ширгэн үгүйрчээ. Хүн, малын усгүйгээс цөөн хэдэн уст цэг, баянбүрдээ тойрон шавааралдаж малчид бууснаас тэр орчмын газраа удаан хугацаанд доройтуулж цөлжүүлэх үндсийг ч тавьж эхлээд байна. Бэлчээрийн зүй зохистой ашиглалт, менежмент гэж ярьдаг ч, төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг ч амьдрал дээр буусан үр дүн гэж юу ч алга байна.

    Дэлхийн уур амьсгалын дулаарлын нөлөө нь Төв Азийн эрс тэс уур амьсгалтай Монгол орны хувьд нэн эмзэг нөлөөлж байгаа нь үнэн ч түүнээс өөр гол буруутай эзэн холбогдогч гэж өнөөдөр алга. Эх орон маань цөлжиж байна. Онгон дагшин элсэн манханыг гадаадын жуулчид үй олноороо ирж үзэх тул түүнийг хөгжүүлээд бай гэсэн уриа лоозонг Монголын улстөрчид чимээгүй дэвшүүлж байна.Тэдний мөхөл даллаж амьдарсан цаг үеийг ирээдүй үе маань харах л болно. Бидний мэдэх говийн олон зуун мянган зоны амьдралыг тэтгэж ирсэн Улаан нуур өнөөдөр ширгэн алга болжээ. Харин эх орны маань газрын зураг дээр тодоос тод тэмдэглээтэй Улаан нуурын зураг одоо ч бий нь өр өвтгөнө. Ургамал, өвсгүй болж гагцхүү хэзээ гүйцэд бүрхэх нь үл мэдэг улаан элсний исгэрэн шуугих халуун давалгаа л дуулдаж байна. Тэр магад Сахарын “цөл” шиг эмгэнэлт цөл болох орон зай, цаг хугацааны хэмжээс мөн буй заа.

МОД ТАРИХ ИХ АЯН
Атрын 3 аян гээд сүр дуулиан болоод байгаатай адил бүгдээрээ МОД ТАРИХ ИХ АЯН зохион байгуулая.
Туул голоо аврая
Монголчууд бид одоо л хойч үедээ үлдээх өв хөрөнгө болох байгаль орчин, газрын баялгаа хамгаалах хэрэгтэй байна.
Улаанбаатар хотод агаарын бохирдол ихтэй өнөө үед уул ус, ургамал модоо хайрлан хамгаалж, мод тарих аянд уриалан дуудаж байна.
Мод бол агаар дахь нүүрстөрөгчийг шүүж хүчилтөрөгчийг гаргах, усны ундаргыг нэмэгдүүлэх зэрэг олон ач тустай талтай.
 
(Нийт: 3)